Нейро хэлшинжлэл

Хүн, түүний тархи дээд зэргийн зохион байгуулалттай нээлттэй систем. Сэтгэхүйн үйл ажиллагаа системийн шинжтэй байдаг. Энэ байдал нь хэлийг шинжлэх ухаан хоорондын солбицол дээр судлах бодит шаардлагыг тодорхойлж байна.
 
1.   Хэлээр бодол санаагаа илэрхийлэх, ойлгох механизмыг уламжлалт хэл шинжлэлийн зэрэгцээгээр когнитив болон нейро хэл шинжлэлийн хүрээнд судалж тодорхойлох нь илүү үр дүнтэй болж байна. Концептуудыг нэгтгэн өргөн агуулгатай, өндөр эрэмбийн концепт бүтээх /blending/ үйл явц нь хийсвэр сэтгэлгээний гол суурь болох учир когнитив загвар нь хэлний сэтгэлгээг судлах чухал тулгуур болно. Хэлний сэтгэлгээ нь гүн түвшинд тодорхой тооны суурь концептууд, тэдгээрийг холбон нэгтгэх болон ангилан ялгах дүрмүүд, нейро сүлжээнд эрэмбэлэгдэн зохион байгуулагдсан үгсийн сангаас бүрдэх учир эх болон гадаад хэл эзэмших үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах нэг суурь нь когнитив болон нейро семантикийн аргууд, загварчлал болж байна. Эдгээр аргыг өргөн хэрэглэж байж хэл, хэлний сэтгэлгээг судлах нь хэл судлалын шинжлэх ухааны түвшин, онолын чадавхийг дээшлүүлэх гол нөхцөл болж байна.
 
1.1  Үгсийн ангилалыг тодорхойлох механизм нь нейро сүлжээний кластеринг болох нөхцөлийг үндэс болгон хүний ой ухаанд мэдээлэл, мэдээллийг тээгч үгс, тэдгээрийн олонлогийн сүлжээ, хэлний бүтцүүдийн эрэмбэлэгдэн хадгалагдах, холбогдох байдлыг кластерингийн аргаар судлах оролдлогыг хамтын хүчээр хийж байгаа нь судалгааны шинэлэг эхлэл болж байна.
 
1.2  Хүний өгүүлбэр бүтээх механизм нь сэтгэлгээний маппинг хйих чадварын нэг хэсэг гэж үзэж хэлэнд үгсийн хамаарлын хүч, хамаарлын вектор, хамаарлын дан болон давхар шинжийг аггломератив иерарх кластерингийн арга (зүүн болон баруун векторын харгалзан) –ар судлах аргачлалыг боловсруулан хэрэглэж байгаа нь судалгааны арга зүйг боловсронгуй болгоход чухал байна.
 
1.3  Судалгаанаас үзэхэд ассиметрийг хэлний хүрээнд биш, бодит юм, үзэгдэл ба тэдгээрийн хэлний илэрхийллийн харилцан холбогдлын түвшинд авч үзэх нь бодит үзэгдэл, үйл явц болон өгүүлбэрийн тектоникийн холбогдол хэлний сэтгэлгээнд илрэлээ олох тухай таамаглалыг батлахад ач холбогдолтой байна.
 
1.4  Хүний ой санамжин дахь загвар болон синтактик когеренц нь өгүүлбэр, улмаар дискурс бүтээхэд нөлөөлөх үйл явцыг судлахад боотстраппинг, LSA (Latent Semantic analysis) загварыг хэрэглэн судалж байна. Эдгээр загвар нь шууд бүрэлдүүлэгчийн онол, трансформац онолуудыг өргөтгөн тухайн онолын хүчин чадал, хэрэглээний хүрээг тэлэхэд хэрэгтэй гэж бодож байна.
 
1.5  Дискурсыг дотоод ба гадаад түвшинд загварчлах нь хэлээр мэдээлэл боловсруулж эрэмбэлэн хадгалах механизмыг судлах нэн чухал талбар болж байна. Концептуал сэтгэлгээ нь хэлний сэтгэлгээ, эмбеддингийн үйл явцын бүрэлдэхүүн болох учир хэлний сэтгэлгээ, түүнд хэрэглэгдэх ментал загварууд эмбеддингд бас тулгуурлана. Хэлээр сэтгэж харилцана гэдэг нь боотстраппингийн процессод бүтцийн маппинг хийх механизмтай нягт холбогдоно. 
Энэхүү баримтлалуудыг нь хэлээр мэдээлэл боловсруулах механизмыг судлах онол арга зүйн суурь болгох нь хэлний өндөр эрэмбийн бүтцийн судалгаанд шинэ гарцыг бий болгож байна.
Ийнхүү когнитив хэл шинжлэлийн хүрээнд дискурсыг судалсан байдлаас үзэхэд энэ нь хүний ой санамж дахь концептуудын сүлжээний бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох, энэ үндсэн дээр ментал моделд тулгуурлан дискурс бүтээх, ойлгох үйл явцыг судлах хэл шинжлэлийн ихээхэн ирээдүйтэй чиглэл болж байна. 
Цаг хугацаа ба тоо хэмжээ нь орон зайн илэрхийллэээс ассиметрик хамааралтай байдал илэрч байна.
 
1.6  Глобал мэдээллийг эхлэн кодолдог, мэдээллийн багц бүр тархинд тодорхой  слотод тусдаг нөхцлийг үндэс болгон хүний ой санамжин дахь үгсийн сүлжээ, олонлогийг топологийн орон зайд авч үзэх, үгсийн босоо болон хэвтээ хамаарал, латент холбогдлыг вектороор тодорхойлж үгсийн сан буюу сүлжээний бүтэц зохион байгуулалтыг судлах нь илүү үр дүнтэй болж байна. 
 
2.   Хүний хэлний сэтгэлгээг топологийн хүрээнд орон зай- цаг хугацаа- учир шалтгааны холбогдлын түвшинд судлах нь хэлний судалгаанд чанарын дэвшил болно.
 
2.1. Хүн обьектыг тодорхой орон зайд илэрхийлэх үйл явц нь эхлээд обьектыг бүхлээр нь мэдрэх, дараа нь обьектын бүрэлдэхүүн хэсгүүд, түүний чанар байдлыг мэдэрч илэрхийлэх үе шаттайгаар хэрэгждэг байна.
Хоёр обьектын хоорондын орон зай, төсөөтэй болон ялгаатай чанар нь анхаарлын орон зай дахь топологийн шинж гэж үзэх нь тэдгээрийг илэрхийлэх үг, өгүүлбэр, улмаар текстийн семантик бүтэц, хувирал өөрчлөлт зэргийг тодорхойлох шинэлэг загварыг боловсруулах нэг үндэс болж байна.
2.2. Эвклидийн орон зай дахь обьектууд нь хүүхдийн хувьд прототип болох бөгөөд зай, өнцгийн тухай мэдээлэлд тулгуурлан обьектын хэлбэрийг илэрхийлдэг нь 2D-ийн хүрээ болж байна. Обьектын багтаамж, эзэлхүүн, бүтцийг илэрхийлэхэд эвклидийн суурь ойлголтуудаас эвклидийн бус ойлголтуудад шилжиж навигацийн мэдээллийг гол болгох 3D –д нийцэх геометрийг хэрэглэх болдог.
2.3. Энэ бүхнийг үндэс болгон хүний мэдээлэл хүлээн авах, боловсруулах өндөр эрэмбийн обьект болох дискурсын бүтцийг топологийн хүрээнд судалж дискурсын макро бүтцийг орон зайн харилцаанд оруулан үзвэл макро бүтцийн бүрэлдэхүүн хэсэг тухайлбал, пропозицийн хоорондын холбогдлыг вектороор илэрхийлж анхаарлын фокустай холбон загварчилах боломж нээгдэж байна. Энэ бол судалгааны нэгэн ирээдүйтэй чиглэл болно.
2.4. Нейро болон когнитив хэл шинжлэлийн судалгаанаас үзэхэд орон зай ба цаг хугацааны холбогдол нь симметри/ ассиметри шинжтэй. 
Орон зай, цаг хугацаа нь интеграл ухагдахуун бөгөөд орон зайн илэрхийлэл нь цаг хугацааны илэрхийлэлд нөлөөлөх нь илүү хүчтэй болох нь судалгаанаас харагдаж байна.
Туршилт судалгаанаас үзэхэд хүүхэд орон зайг цаг хугацаанд шилжүүлэн илэрхийлэх нь цаг хугацааг орон зайд шилжүүлэн илэрхийлэхээс илүү хялбар байдал харагдаж байна. Энэ бол орон зай ба цаг хугацааны инференсийн үзэгдэл бөгөөд хэлний семантик трансформацийн нэг үүсвэр болно.
Орон зай ба цаг хугацаа төдийгүй тоо ба чанар, хэлбэр, өнгө, хэмжээ, багтаамж гэх мэт ойлголтуудын хооронд үүсэх инференс нь хэлний семантик трансформацийн эх үүсвэр болох учир шалтгааныг нарийвчлан судлах нь генератив семантикийн шинэлэг чиглэл байх болно.
 
3.   Хүний хэлний сэтгэлгээг түүний материаллаг суурь болох тархи, нейроны синапсисуудын үйлчлэлтэй холбон тархины энерги дамжуулах үйл ажиллагааны хүрээнд судалвал нано судалгааны нэгэн шинэлэг чиглэл болох юм.
3.1. Сэтгэхүйн системийн тогтвортой байдал, тэнцвэр алдагдах нөхцөлд тодорхой үе шатанд бифуркаци үүснэ. Гэхдээ тогтвортой нөхцөлд ч, бифуркацийн нөхцөлд ч орчинтой энерги солилцох нэг үүсвэр нь тархи, түүний суваг нь хэл байна. Иймээс хэлийг хүний сэтгэн бодох үйл ажиллагааг динамик системийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, хэлний системийн, динамик холбогдлыг вербал сэтгэлгээний түвшинд тайлбарлах нь илүү үндэслэлтэй байна.
3.2. Хэлээр мэдээлэл, бодол санаагаа дамжуулах үйл явдлыг зөвхөн үг, өгүүлбэр, текстийн түвшинд авч үзэх нь хангалтгүй юм. Дотоод хэлэхүйн түвшинд бодол санааг илэрхийлэх, дамжуулах үзэгдлийг судлах нь  өнөө үед нэн чухал болж байна.
 
Энэ бол хүнээс хүнд, тархинаас тархинд энерги дамжих үйл явцыг судлах чиглэл юм. Тархины, сэтгэхүйн шугаман бус үзэгдлийг фрактал онолын үүднээс судлах нь хүн судлалд, энэ утгаараа сэтгэл судлал, хэл шинжлэлд зарчмын шинэ чиглэлийг бий болгож байна. Үүний жишээ бол семантик хаосын судалгаа болно.
 
Энэ бол когнитив ба нейро хэл шинжлэлийн динамик системын судалгааг өргөжүүлэх нь Монголын хэл шинжлэлд онцгой шинэлэг хандлага болохыг тодорхойлж байна. 

2 comments:

  1. ene talaar hiisen sudalgaa her ih baidag yum bol? Mongold?

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete